Disney+ аль хэдийн 60.5 сая захиалагчтай болжээ

Орчин үед streaming service буюу үзэгчид төлбөр төлөн 1 сарын хугацаанд тухайн үйлчилгээнд байх бүх киног хязгааргүй үзэх систем дэлгэрч буй билээ. Энэ зарчмаар томоохон компаниуд ч өөрсдийн гэсэн streaming service-үүдээ зохиожээ. Одоогоор энэ төрөлдөө хамгийн том нь Netflix байгаа ба дараа нь Hulu, Amazon Prime зэрэг системүүд орж буй. Мөн 2019 онд Disney+, HBO Max, Apple TV, NBCUniversal’s peacock нар нээлтээ хийж аль нь илүү их үзэгчдийг татаж чадах дээрээ өрсөлдөж байгаа ч хэмээн хэлж болно.

Тэгэхэд нээлтээ хийгээд жил ч болоогүй байж Disney+ аль хэдийн 60.5 сая захиалагчдыг өөртөө татаж чадсан байна. Алдарт “Star Wars” франчайстай нэг ертөнцөд өрнөх “Mandalorian” гэх цувралыг хийснээр “Star Wars”-ын фэнүүдийг өөртөө татаж, мөн Marvel Cinematic Universe-д өрнөх хэд хэдэн мини цувралуудыг хийхээ зарлаж, Disney-н эртний кинонуудын үргэлжлэл ангиудыг хийж Disney+-аар цацахаар болсон нь ч уг амжилтад их бага хэмжээгээр гэлтгүй нөлөөлсөн билээ.

Мөн Covid-19 дэгдсэн уг хөл хориотой үед “Frozen II”-ыг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө үйлчилгээндээ тавьж, 7-р сарын 4-нд ирэх жил нээлтээ хийх байсан “Hamilton” киног тавьсан нь ч бусад үйлчилгээний системүүдээсээ илт давуу ялгарах давуу тал болж өдгөө уг төрөлдөө нээлтээ хийгээд 9-хөн сар болсон ч хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн тоонд яахын аргагүй багтжээ.